СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ

 Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Сангийн сайдын хамтарсан 2008 оны
        56/64 дугаар тушаалын хавсралт
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Өмчийн хэлбэр халгалзахгүй их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, ерөнхий боловсролын сургууль /цаашид сургууль гэх/,  цэцэрлэгт  дотоод, гадаадын хуулийн этгээд, иргэн, эцэг эх, асран хамгаалагч,  сайн дурын байгууллагаас /цаашид хандивлагч болон тусламж үзүүлэгч гэх/ санаачлан сайн дурын үндсэн дээр тухайн байгууллагын дүрэмд заасан үйл ажиллагаанд зориулан өгсөн хандив, буцалтгүй тусламжийн орлогыг "Сургууль, цэцэрлэг хөгжүүлэх сан"-д бүртгэж авах, зарцуулах, хяналт тавих, мэдээ тайланд тусгах харилцааг энэхүү дүрмээр зохицуулна.
1.2. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг сайжруулах, хөгжүүлэх, хэтийн зорилтыг биелүүлэх, суралцагчдыг хөгжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжих зорилгоор хандивлагчаас санаачлан өгсөн хандив, буцалтгүй тусламжийн  орлогыг "Сургууль, цэцэрлэг хөгжүүлэх сан" гэнэ.
1.3. Сан нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ. Үүнд:
            1.3.1. Гадаад, дотоодын байгууллага, иргэд, эцэг эх, асран хамгаалагч,  аж ахуйн нэгж, олон улсын болон сайн дурын байгууллагаас өгсөн мөнгөн хөрөнгө, түргэн борлоглох үнэт цаас, бонд;
            1.3.2. Гадаад, дотоодын байгууллага, иргэд, эцэг эх, асран хамгаалагч,  аж ахуйн нэгж, олон улсын болон сайн дурын байгууллагаас өгсөн барилга, байгууламж, тоног төхөөрөмж, бараа материал, бусад эд зүйлс;
            1.3.3. Гадаад, дотоодын байгууллага, иргэд, эцэг эх, асран хамгаалагч,  аж ахуйн нэгж, олон улсын болон сайн дурын байгууллагаас суурилуулж өгсөн программ хангамж;
            1.3.4. Сангийн мөнгөн хөрөнгийн хадгаламжийн хүүгийн орлого;
            1.3.5. Сангийн үнэт цаасыг борлуулсны олз.
1.4. Хандив, буцалтгүй тусламж цуглуулах нь хандивлагчийн болон тусламж үзүүлэгчийн хүсэл сонирхолд нийцсэн байх бөгөөд нийтийг хамарсан албадлагын болон тэгшитгэн хураасан шинжгүй байна.
1.5. Санд хөрөнгө хүлээн авах, зарцуулах, тайлагнах дүрмийг сургууль, цэцэрлэгийн зөвлөл, удирдах зөвлөл энэхүү үлгэрчилсэн дүрэмд нийцүүлэн тогтооно.
1.6. Ашгийн төлөө бүртгэгдсэн сургалтын байгууллага хандив буцалтгүй тусламжийн орлогоос хууль, тогтоомжийн дагуу татвар төлнө.
Хоёр. Санд хөрөнгө хүлээн авах
2.1. Сангийн хөрөнгийг хүлээн авах комиссыг сургалтын байгууллагын захирал, эрхлэгч томилох бөгөөд уг комисс нь сургуулийн нягтлан бодогч, сургалтын алба, эцэг эх, багш, суралцагчдын төлөөллөөс бүрдэнэ.
2.2. Комиссын бүрэлдэхүүнийг 3 жилийн хугацаатай байгуулах бөгөөд эцэг эх, асран хамгаалагч, багш суралцагчдын төлөөллийг хамт олны хурлаас тус тус сонгоно.
2.3. Сангийн хөрөнгийг хариуцах хүнийг сургууль, цэцэрлэгийн зөвлөл, удирдах зөвлөл болон сургууль, цэцэрлэгийн хамт олны саналыг үндэслэн тухайн төсвийн ерөнхий менежерийн тушаалаар томилно.
2.4. Сургууль, цэцэрлэгийн аж ахуй болон жижиг мөнгөн санг хариуцдаг нярав санг давхар хариуцан ажиллахыг хориглоно.
2.5. Санд хөрөнгийг сургууль, цэцэрлэгийн удирдлагын томилсон комисс хүлээн авч нягтлан бодох бүртгэлийн анхан шатны бичиг баримтыг хөтлөн хандивлагч, санаачлагчид баталгаа гаргаж өгнө.
2.6. Санд их хэмжээний хандив оруулах санаачлага ирвэл сургууль, цэцэрлэгийн зөвлөл, удирдах зөвлөл, сургуулийн хамт олны өргөтгөсөн хурлаар хэлэлцэн, тухайн хандивлах хөрөнгийн эх үүсвэрийн гарал үүсэл, хэмжээ нь Монгол улсын хууль, тогтоомжид нийцэж буй эсэхийг судалсны үндсэн дээр саналыг хүлээн авах эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
2.7. Төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн тухайд сангийн хөрөнгийг төрийн сангийн дансанд байршуулах бөгөөд тусгай дэд данс нээж болно. Төрийн бус өмчийн болон төрийн санд дансгүй сургууль, цэцэрлэг сангийн хөрөнгийг тусгай дансанд төвлөрүүлнэ.
2.8. Санд төвлөрсөн мөнгөн хөрөнгийг бэлнээр сургууль, цэцэрлэг дээр хадгалахыг хориглоно.
2.9. Сангийн хөрөнгийн бүрэн бүтэн байдал, хадгалалт, хамгаалалтыг сан хариуцсан хүн болон сургуулийн нягтлан бодогч, төсвийн ерөнхий менежер хариуцна.
Гурав. Сангийн хөрөнгийг зарцуулах
3.1.  Сангийн хөрөнгийг дор дурьдсан ерөнхий чиглэлээр зарцуулна:
3.1.1. Сургууль, цэцэрлэгийн номын санг баяжуулах;
3.1.2. Сургууль, цэцэрлэгийн сургалтын орчин, нөхцлийг  сайжруулах;
3.1.3 Сургууль, цэцэрлэгийн сургалтын хэрэглэгдэхүүнийг сайжруулах;
3.2. Сангийн хөрөнгийг зарцуулах хөтөлбөр, төсөл, арга хэмжээ болон түүний төсвийг дээр дурьдсан ерөнхий чиглэлийн хүрээнд багтаан сургууль, цэцэрлэгийн зөвлөл, удирдах зөвлөл батлан гаргана.
3.3. Сургууль, цэцэрлэгийн зөвлөл, удирдах зөвлөлийн гаргасан хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төсөвт багтаан тухайн төсвийн ерөнхий менежер сангийн хөрөнгийг зарцуулна.
3.4. Сангийн хөрөнгийн зарцуулалтын хөтөлбөр, төсөл, арга хэмжээнд өөрчлөлт орвол өөрчлөлтийг сургууль, цэцэрлэгийн зөвлөл, удирдах зөвлөл бичгээр сургууль, цэцэрлэгийн удирдлагад хүргүүлнэ.
3.5. Хандивлагчаас тодорхой нэр зааж хандивласан хөрөнгийг тухайн нэр заагдсан хамт олон болон багш, суралцагчдад зориулна. Хандивлагчаас тусгайлан тодорхой нэр заасан үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхээр хандивласан хөрөнгийг зориулсан арга хэмжээнд нь зарцуулна.
3.6. Сангийн хөрөнгөөс тухайн байгууллагын хэвийн үйл ажиллагааны урсгал зардалд болон өр төлбөр барагдуулахад зарцуулахыг хориглоно.
Дөрөв. Сангийн хөрөнгийг тайлагнах
4.1. Сургалтын байгууллага нь хандив, буцалтгүй тусламжийн зарцуулалт, ашиглалтын талаар мэдээлэл нь нээлттэй, олон нийтийн хяналт тавих нөхцөл бололцоог бүрдүүлсэн байна.
4.2. Сангийн хөрөнгийн зарцуулалтад сургууль, цэцэрлэгийн зөвлөл, удирдах зөвлөл, эцэг эх, асран хамгаалагчийн зөвлөл, хамт олон хяналт тавина.
4.3. Сургууль, цэцэрлэгийн төсвийн ерөнхий менежер сангийн хөрөнгийн зарцуулалтын талаар эцэг эх, асран хамгаалагч болон сургуулийн хамт олонд улиралд нэг удаа мэдээлэл хийнэ.
4.4. Сангийн хөрөнгийг байгууллагын нягтлан бодох бүртгэлд тусган тайлагнаж мэдээллийн бодиттой, үнэн зөв эсэхийг сургууль, цэцэрлэгийн төсвийн ерөнхий менежер болон  нягтлан бодогч нар хариуцна.
4.5. Сангийн хөрөнгийн зарцуулалтын дэлгэрэнгүй тайланг хичээлийн жилийн болон санхүүгийн жилийн төгсгөлд гаргаж хандивлагчдад албан ёсоор хүргүүлнэ.
                                    Тав. Хариуцлага
5.1. Энэхүү журмын 1.4-дэх заалтыг зөрчиж сургалтын байгууллага өөрөө санаачлан нийтийг хамарсан албадлагын шинжтэй хандив, хуримтлалыг цуглуулсан тохиолдолд буруутай албан тушаалтанд Боловсролын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.6-д заасан хариуцлагыг хүлээлгэнэ.
5.2. Сургалтын байгууллагад хандивласан хөрөнгийг санхүүгийн тайлан тэнцэлд тусгаагүй, түүнчлэн зориулалт бусаар зарцуулсан албан тушаалтанд Боловсролын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.9-д заасан хариуцлагыг хүлээлгэнэ.
--------оОо-----
Share on Google Plus

"19 дүгээр" цэцэрлэг

ТА ЯГ ОДОО ОРХОН АЙМГИЙН 19 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ ХУУДСАНД ЗОЧИЛЖ БАЙНА. Хаяг: Орхон аймаг Баян-Өндөр сум "Хүрэнбулаг" баг "19 дүгээр" цэцэрлэг. Холбогдох утас: 99356332
    Blogger Comment
    Facebook Comment

0 comments :

Post a Comment